Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай хуулийн ойлголт.


Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай хуулийн ойлголт.

 

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Тийм учраас гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ.

 

            Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

 

            Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг.

 

            Гэрээг цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс татгалзах явдал хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэнэ. Ямар тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэхийг зөвхөн гэрээний хугацаа бус, хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон, эсвэл талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч тодорхойлно. Урт хугацаатай гэрээнд зөвхөн гэрээг цуцлах ойлголт байдаг гэж үзэх нь өрөөсгөл болно.

Жишээ нь: А болон Б компанийн хооронд орон сууцны барилга барих 3 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан байна. Гэрээний хугацаа дуусаж, барилгыг хүлээн авахад ажил гүйцэтгэгч Б компани нь барилгын норм стандартыг зөрчиж, чанарын шаардлага хангахгүй цемент хэрэглэснээс барилга чанаргүй болж, ашиглах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Захиалагч А гэрээнээс татгалзаж, барилгыг буулгах, дахин барихад шаардагдах бүх зардлыг Б компаниас шаарджээ. Энэ тохиолдолд ажлын үр дүн болох барилга баригдсан хэдий ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзахад хүрсэн, үр дагавар нь өгсөн авснаа буцаасан асуудал үүсснийг шүүх зөв тогтоож, тайлбарлах ёстой.

2 дахь тохиолдол: А болон Б нарын хооронд 5 жилийн хугацаатай хүнсний ногоо худалдах-худалдан авах хэлцэл байгуулагджээ. 2 жилийн дараа худалдагч А нийлүүлсэн зарим ногоо чанарын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, чанаргүй ногооны үнийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Дээрх тохиолдолд гэрээ урт хугацаатай боловч гэрээний зүйл буюу чанарын шаардлага хангаагүй ногоог буцаах боломжтой тул гэрээг цуцлах биш гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэнэ. Нэхэмжлэгч нь чанаргүй ногоо нийлүүлсэн гэрээний зарим хэсэг буюу гэрээний үлдэх хэсгээс татгалзаж байгаа агуулга байна.

 

Харин гэрлэлт цуцлах, хөдөлмөрийн маргаанд гэрээнээс татгалзах бус зөвхөн гэрээг цуцлах ойлголт хэрэглэгдэнэ. Гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгө, эрх, үр хүүхдийн асрамжийн хувьд гэрлэлтийг цуцалснаар ирээдүйн үр дагавар болох хөрөнгө хуваах, хүүхдийн тэтгэлэг, тэжээн тэтгэх үүргийг шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн маргаанд гэрээг цуцлах хүртэлх хөдөлмөрлөсөн үйл баримт, авсан цалин хөлс хэвээр үлдэж, цуцалсны дараах үр дагавар яригдана.

 

            Иймд гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль агуулгаар шаардлага гаргасан, эрх зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй ч шүүх залруулж зөвтгөж, тайлбарлах замаар хуулийг хэрэглэх шаардлага практикт тохиолдож байгааг анхаарах нь зүйтэй юм.

 

            Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно.

 

 

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Бага тойруу, Чингисийн талбай+976 7000-0809+976 19002233 zuvulguuu@gmail.comwww.zuvulguu.com